Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улсад эрх чөлөөний хөдөлгөөн өрнөсний 100 жилийн ойг 2011оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр ёслон тэмдэглэхээр болж, ойг угтаж Монголын кино урлагийн академи цуврал арга хэмжээ зохион байгуулж байсан түүхэн цаг үе, эх орончдын баатарлаг тэмцэл, 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтын талаар өгүүлэх Богд хаан уран сайхны бүрэн хэмжээний киноны ажил саяхан мэт эхэлж байсан.
Харин өнөөдөр буюу 2021.09.09-ны намрын дунд улаагчин тахиа сарын цагаан бич өдөр Монголын сүүлчийн эзэн хаан уран сайхны кино маань Богд хааны ордон музейн гадна талбайд нээлтээ хийлээ. Монгол Улсын Үндэсний Эрх Чөлөөний хувьсгалын 110 жилийн ойн босгон дээр, Монгол Улсын Эзэн Хаан, Олнаа Өргөгдсөн, Наран Гэрэлт, Түмэн Наст, Оройн Чандмань, Очирдара, Наймдугаар Богд Жавзандамба Хутагт, үндэсний эрх чөлөөний төлөөх тэмцэлд алтан амиа үл хайрлан их үйлийг бүтээлцэж, ертөнцөд МОНГОЛ хэмээх тусгаар улсаа тунхагласан эх оронч дээдсийн тухай өгүүлсэн “МОНГОЛЫН СҮҮЛЧИЙН ЭЗЭН ХААН” уран сайхны киног, ийнхүү түмэн олноо толилуулалаа.
Киноны гол дүрд Богд хааны дүрийг жүжигчин Чойнболын Болд, эх дагина Дондогдуламын дүрд жүжигчин Б.Батсумъяа нар тоглолоо.
Монгол улсын үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдсан эх орончдын түүхэн үүргийг тодотгож, Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын амьдрал тэмцэл болон Монгол улсын түүхийн талаар үнэн зөвөөр харуулсан дэлгэцийн бүтээл, бүрэн хэмжээний уран сайхны 2 ангит бүтээл албан ёсоор нээлтээ хийж кино дэлгэцээр гарахад бэлэн болжээ.
Киноны гол уран бүтээлчээр Ерөнхий найруулагч МУ-ын Урлагийн Гавъяат Зүтгэлтэн, кино найруулагч Бямбаагийн Цогтбаяр, Зохиогч МУСГЗ Төрийн шагналт Дамбын Төрбөт, Хөгжмийн зохиолч МУАЖ, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Нацагийн Жанцанноров нар ажиллаж, Монголын Сүүлчийн Эзэн Хаан уран сайхны кинонд зориулан МУТШ, МУСГЗ Д. Төрбатын үг, МУХБ, МУТШ, АЖ. Н. Жанцанноровын ая “ЗАХИАС” дууг МУГЖ, Чингис хаан одонт дуучин Ганбаатарын Ариунбаатар дуулж түмэн олны хүртээл болголоо.
Монголын үндэсний кино урлагийн академийн санаачилгаар бүтсэн уг киног бүтээхэд “Эвсэг” ХК дэмжин ажиллалаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ