Наран мандахуй дор Улаанбаатар хотоос хөдөлсөн бид дуу шуу, шүлэг, наадам гээд нэгэн өдрийн тал хугацааг туулсаар эх орныхоо “хөх зүрхний” хаяанд дөрөө мулталлаа. Тэрхүү “хөх зүрх” гол ус өмнө нь үзээгүй надад тэнгис, далай гэмээр үзэсгэлэнтэй ажгуу. “Өгөхүй Авахуй” гэсэн хэлц үгнээс үүссэн энэ нуур хүмүүний жаргалыг эдлүүлэх гэж хэдэн мянган жил мэлмэрснийг хэн мэдэхүй. Хараад зогсоход нүдний хараа үл гүйцэх энэ нуур нь 7 километр урт, 5 километр өргөн, далайн төвшнөөс дээш 1337 метр өргөгдсөн нь Арын хангайн “хөх зүрх” гэлтэй хүмүүний амьдрахуйн их ус. Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг, цурхай зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан амьдардаг гэсэн судалгааг загас судлаач А.Дулмаа гуай өөрийн тэмдэглэлдээ тэмдэглэн үлдээжээ. Өгөхүй энэ нууранд жилдээ 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг амьдралыг эх ундарга. Зургаан сар гарч зуны улирал эхэлсэн ч нимгэн цамцтай жиндэхээр сэрүүн. Өдрийн цагаар тогтуун намуухан. Давалгаа нь зөөлөн, нэгэн хэмээр түрээд, эрэг даган алхах нь их ус бид хоёр хоорондоо хэдэн мянган жилийн тухай хөөрөлдөнө. Нуурын эрэгт эзэнгүй завь хөвөх дор эзэн нь хаа хол явсаныг илтгэнэ. Өнөөх завь хөгшин хурдны “морь” өөрийгөө сойн унах хүүгээ хүлээн зогсох мэт сэтгэлд уйтай. Аялал жуулчлалын цаг арай эхлээгүй байгаа бололтой. Эргэн тойрон нам гүм.
Нов ногоон зүлгэн дээр хэвтэхэд яруу найрагч Хулангийн “зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан” гэсэн шүлгийн санаа өөрийн эрхгүй бодогдоно. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудаар аялна гэхээс илүүтэй төрсөн нутгийнхаа онгон байгалийг үзэж, төрсөн нутгаа нэг тойрон аялах бодол тархинд биш сэтгэлд хурна. Ингээд бодоход эх орон гэх зүйл оюун санаанд гэхээсээ илүүтэй сэтгэлд шингэсэн байдаг бололтой. Хаа нэгтээгээс ойртох мотоциклын дуу сонсогдоно. Тэр зүг өндийн харвал улаан, ногоон дээлээр гангарсан залуус мотоцикл унан үхрээ тууж яваа харагдана. Сонин нэг л эв хавгүй хөндий санагдана. Хөдөө гэхээр л амар тайван амьдрал, сувдан цагаан гэрүүд, сүндэрлэн дүнхийх уулс, хоржигнон урсах бяцхан горхи, алсаас суунаглан харагдах аргалын утаа, налайн бэлчих таван хошуу мал санаанд буудагсан. Одоо бүгд өөр болжээ. Эрэг даган амралтын газрууд баригдаж, мотоциклын дуу тасрахаа байж, гэнэн цайлган өглөгч зангаас илүүтэй ашиг харсан сэтгэлгээ суусан залуус холхиж, айл болгоны гадаа сансрын антен, нарны зай хураагуур ярайж хотын айлуудаас ялгагдах зүйлс цөөхөн харагдана.
Үдшийн бүрий сэтгэлтэй минь хамт жаргана. Нуурын эрэг дээр нар жаргаж буй нь улаан ягаан болж өнгөө өөрчилнө. Дэрсний толгой алтан шаргал өнгөөр гялтганаад, нуурын мандал улбар улаан өнгөөр туяаран усны шувууд ганц хоёроороо хөөцөлдөн тоглох нь уран зураг дотор орсон мэт санагдана. Зун цаг мөн үү гэлтэй сэрүү унажээ. Салхины хурд бага багаар түргэсхэд нуурын мандлаас жижигхэн усан дуслууд салхины аясаар хөх алчууртай минь хамт хийснэ. Тэнгэрт бүртийх ч үүлгүй одод түгсэн хэрнээ болжмор шиг нисэн ирэх нуурын усанд норох нь бас сонихон. Салхи улам ширүүсэн шуурга болж усан дуслууд бүр ихэснэ. Майхан нурах нь уу гэмээр ганхаж юунаас ч юм бүү мэд жаахан айдас төрнө.
Үүрийн гэгээ нам гүм өнгөрсөн шөнө огт шуураагүй мэт нуурын мандал тогтуун. Дэргэд минь зогсоо хүний амьсгалах чимээ сонсогдом аниргүй. Тэнгэрийг бүрхсэн том том цагаан үүлс нуурын мандал дээр толинд ойх мэт тунгалаг харагдана. Яг л тэнгэр урвуу харан энэ биений минь өмнө байх шиг эсвэл би гэдэг хоёр тэнгэрийн хооронд хавчуулагдсан мэт санагдана. Өгье! өгье! гэх шиг Өгийн нууранд сэтгэлээ үлдээлээ. Эргээд ирнэ гэж нулимсаа хөх усанд нэмж үлдээлээ…
Хээрийн дадлага УБ хот Архангай аймаг 2015 он