Бидний хайрт багш Кино найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн тэргүүн, Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургуулийг үүсгэн байгуулагч Доктор Профессор Бямбын Цогтбаяр 2022 оны 3-р сарын 22 өдөр насан өөд боллоо. Тэрээр 1961 онд Улаанбаатар хотноо төрж 1980 онд Монгол Кино үйлдвэрээс уран бүтээлийн гараагаараа эхлүүлжээ. 1982 онд Бүх Холбоотны Кино Урлагийн Их Сургуульд элсэн орж амжилттай төгссөн байна. Кино найруулагч Б.Цогтбаяр нь 1991 онд Зохиомж кино компаниа байгуулж өдгөөг хүртэл Дээд хэмжээ, Танихгүй сэтгэл, Босоо ороолон, Хөгшин чоно улсан нь, Их говийн жонон-Хамлет, Жирийн хүн, Дурлалын золиос, Уучил, Хубилай хааны зарлиг, Богд хаан, Луйвар, Харанхуй хад, Монголын сүүлчийн эзэн хаан зэрэг уран сайхны киноны ерөнхий зураглаач болон ерөнхий найруулагчийн хүндэт ажлыг хийжээ. Тэрээр 1999 онд Зохиомж дээд сургуулийг үүсгэн байгуулж олон мянган шавь нарыгаа хөлийг нь дөрөөнд гарыг ганзаганд хүргэсэн ачтан билээ. Олон мянган шавь нарынх нь нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ